legal : Экологийн эрх зүй хичээлийн лекц

Экологийн эрх зүй хичээлийн лекц

Экологийн эрх зүй

Энэ хичээлээр экологийн харилцаа, түүний тодорхой төрлүүдийн эрх зүйн зохицуулалт, хууль зүйн хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх, байгалын нөөц баялгийг өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах талаархи төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх зүйн байдал, байгаль орчны салбар дахь төрийн удирдлага, хяналт, иргэдийн эрх үүрэг, олон нийтийн оролцоо, байгалийн нөөцийн улсын дансны эрх зүйн үндэс, газар, түүний хэвлий, ашигт малтмал, тусгай хамгаалалттай газар нутаг, ой, ус, амьтан, ургамал, агаар зэрэг байгалийн нөөц баялгийг эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах, экологийн харилцаанд илэрч буй зөрчил, түүнд хүлээлгэх хууль зүйн хариуцлага, түүнчлэн олон улсын  экологийн эрх зүй эдгээрийг судалсанаар экологийн эрх зүйн тухай цэгцтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой.

Экологийн эрх зүйн ойлголт, тодорхойлолт

Монгол улсын эрх зүйн тогтолцоо олон жилийн туршид уламжлалт хэдэн салбар эрх зүйгээс бүрдэж, тэдгээр нь шинжлэх ухааны үүднээс бүрэн цэгцтэй судлагдаж чадаагүй байна. Энэ нь тус улсын хууль цаазын шинжлэх ухаан нэлээд хожуу хөгжиж судалгааны цар хүрээ хязгаарлагдмал, эрдэм шинжилгээний боловсон хүчин  бэлтгэгдээгүй, социалист гэгдэх орнуудын эрх зүйн тогтолцоог олон жилийн туршид үндэс болгож байсантай холбоотой гэж үзэж болох юм. Монголын экологийн хууль цааз  түүхэн ёсоороо хөгжиж байсан бөгөөд бидний судалсан шинэ үеийн байдлаар байгаль орчныг хамгаалах эрх зүйн төлөвшил хөгжлийг дараах үеэр ангилан үзэж болно.

Ш   Байгалийн нөөцийн эрх зүй /1921-1971/

Ш   Байгаль орчныг хамгаалах эрх зүй /1972-1992/

Ш   Экологийн эрх зүй /1992 оноос хойш/

Энэ нь тус тусдаа өөр салбар байсан гэсэн ойлголт биш бөгөөд харин дараагийнх нь өмнөхөө нэгдмэл чиглэлтэй эрх зүйн нэгэн салбар тодорхой үе шатыг дамжин хөгжсөн гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

Экологийн эрх зүйн зарчим: Экологийн харилцааг эрх зүйгээр зохицуулахад баримтлах үндэслэлүүдийг экологийн эрх зүйн зарчим гэж тодорхойлж болно. Экологийн эрх зүйн зарчимыг нийтлэг ба тусгай гэж ангилна.

 Экологийн харилцааг ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг бэхжүүлэх, энэрэнгүй ёсоор хандах, хууль ёсыг сахиулах зэрэг нь нийтлэг шинжтэй зарчим юм.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас эхлэн маш өргөн харилцааг болон экологийн аюулгүй байдалыг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болгон хэрэгжүүлэх, экологийн харилцаанд олон улсын хийгээд үндэсний шинжийг хослох зэрэг нь экологийн эрх зүйн тусгай зарчим болно.

      Ийнхүү олон янзын үзэл баримтлал байгаа боловч хүн төрөлхтөнд тулгарч буй экологийн хямралыг бодитой ойлгож, түүнийг даван туулах арга замыг олох, байгальд хүний үзүүлэх нөлөөллийг судлан боловсруулж, нарийвчлан зохицуулах замаар экологийн харилцааг улам боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн үзэл бодол давамгайлах хандлагатай байна.

Экологийн эрх зүйн зохицуулах зүйл: Экологийн харилцааг улс төр, шашин, ёс суртахуун зэрэг нийгмийн бусад тохируулгаар зохицуулахын хамт эрх зүйгээр зохицуулна. Иймд экологийн харилцааг “эрх зүйгээр зохицуулах”, “Экологийн эрх зүйгээр зохицуулах” гэсэн ойлголт байна. Түүнчлэн “экологийн харилцаа”, “экологийн эрх зүйн харилцаа” гэсэн ойлголт  байна.

           Экологийн эрх зүйн зохицуулах зүйл нь байгаль нийгмийн харилцан үйлчлэлийн явцад байгаль түүний орчинг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахтай холбоотойгоор үүсч бий болох экологийн харилцаа юм. Уг харилцаа нь нэг талаас байгалийн шинжийг хадгалсан, нөгөө талаас нийгмийн харилцааны онцлогийг тусгасан байдаг.

Экологийн эрх зүйн зохицуулалтын арга нь экологийн эрх зүйн харилцаанд удирдлага болох үндсэн зарчимтай салашгүй холбоотой,

          Экологийн харилцаа, түүнийг хууль зүйн шинжтэй болгосон экологийн эрх зүйн харилцааны онцлогоос зохицуулалтын арга хамаарна.

       Экологийн эрх зүйн зохицуулалтын арга бол өөрийн зорилго шинж агуулгатай байх бөгөөд үр дүнд хүрэх тодорхой хэрэгслээр дамжин хэрэгжиж зорилгоо биелүүлж үр нөлөөтэй болно.

          Эрх зүйн зохицуулалтад байгалийн мөн чанар, зүй тогтлыг харгалзан үзэх, байгаль нийгмийн харилцааны онцлогийг тусгах, экологийн тэнцвэрт байдалыг хангах, эрх зүйгээр зохицуулах объект , түүний хүрээг тогтоох, экологийн харилцаанд оролцогчдийн эрх зүйн байдал, байгалийн нөөц баялгийг өмчлөх, эзэмших, ашиглах журам нөхцөлийг тодорхойлох, нөөц баялгийн ашиглалтыг нөхөн сэргээх хамгаалах явдалтай зохистой хослох, экологийн харилцаанд цогцолбор байдлаар хандах, экологийн эрх зүйн зөрчил, түүнд хүлээлгэх хууль зүйн хариуцлагын тогтолцоо, төрөл, хэмжээг заах зэрэг нь экологийн эрх зүйн зохицуулалтын арга болно.

Экологийн эрх зүйн тогтолцоо

Экологийн эрх зүй өөрийн тогтолцоотой байна.

Салбар эрх зүйн тогтолцоо

Шинжлэх ухааны тогтолцоо

Сургалт хичээлийн тогтолцоо. Эдгээр нь өөр хоорондоо холбоотой нэг нь нөгөөдөө суурилсан, харилцан бие биеийг баяжуулж боловсронгуй болгож байдаг.

экологийн эрх зүйн тогтолцоо

 

Лекц 2: Экологийн эрх зүйн харилцаа

Байгаль бол  хүнээс шууд хамаарахгүй өөрийн зүй тогтолоор үүсэн бий болж хувьсан өөрчлөгдөж зохицолдон шүтэлцэж байдаг. Энэхүү харилцаа нь байгалийн буюу “экологийн харилцаа” хэмээх тулгуур ойлголтыг бий болгоно гэж үзэж болно. Экологийн харилцаа бол аливаа бусад харилцаанд анхдагч шинж чанартай байдаг бөгөөд энэ чанараа ямагт хадгалж байдаг онцлогтой. Учир нь байгальгүйгээр эд юмс аяндаа бүтэж буй болохгүй. Экологийн харилцаагүй бол материаллаг эд юмс юу ч биш юм. Экологийн харилцаанд хөдөлмөрийн харилцаа зохих оёсоор нөлөөлсний үр дүнд эд хөрөнгийн харилцаа  буй болно. Хүний зохиостой харилцаа нөлөө үзүүлснээр экологийн харилцаа өөрийн шинж чанараа хадгалахын  хамт экологийн эрх зүйн харилцаа зохих ёсоор төлөвших таатай нөхцөл болж өгнө. Энэхүү хүний субъектив үйл ажиллагаа хувийн болоод нийгмийн шинжтэй байна. Хүн төрийн зөвшөөрөлгүйгээр байгалийн нөөц баялгийг зөвхөн өөртөө авч ашиглах зорилгоор байгальтай харьцвал тэрхүү үйлдэл нь хувийн шинжтэй байна. Хэрэв хүн улс нийгмийн эрх ашигийн үүднээс төрийн зөвшөөрөлтэй, зохих зориулалтаар байгалийн нөөц баялгийг үйлдвэрлэл, аж ахуйн эргэлтэд оруулбал уг үйлдэл нийгмийн шинжтэй болно.

Экологийн эрх зүйн харилцаа нь экологийн харилцааг хууль зүйн хэлбэрт оруулж, эрх зүйгээр, тэх тусмаа хууль зүйн шинжлэх ухааны салбар болох экологийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан тийм харилцаа болно. Ингэснээр экологийн объектив харилцаа субъектив шинжтэй болж хуульчлагдана гэсэн хэрэг юм.

Экологийн эрх зүйн харилцаанд төр, иргэний байгальтай харцах түүний нөөц баялгийг ашиглах, хамгаалах талаархи хүсэл зориг сонирхол ямар нэг хэмжээгээр илэрч байдаг. Иймд Экологийн эрх зүйн харилцааны онцлог нь 1-рт байгалийн шинжтэй , 2-рт нийгмийн шинжтэй, 3-рт байгалийн зүй тогтол, улс, нийгэм, төр иргэний сонирхол, эрх ашгийг хамтад нь илэрхийлсэн, 4-рт байгалийн төрөлх харилцааг хуульчилсан, 5-рт хүн байгалийн харилцааг нийгмээр дамжуулан зохицуулсан зэрэг өвөрмөц шинжтэй байна. Экологийн эрх зүйн харилцаа бүхэлдээ хүн байгальтай харьцах явдлыг экологи, нийгмийн талаас нь хууль зүйн үүднээс зохицуулсан шинжтэй байх бөгөөд бүтцийн хувьд дараах төрлүүдэд хуваагдана. Үүнд:

·           Байгалийн эрүүл аюулгүй орчинд оршин амьдрахтай холбогдож үүсэх харилцаа.

·           Байгалийн нөөц баялгийг эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбогдон үүсэх харилцаа.

·           Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, хадгалахтай холбогдон үүсэх харилцаа.

·           Байгалийн нөөц баялгийг хамгаалах талаар үүсэх харилцаа.

·           Байгалийн нөөц баялгийг эрхлэн удирдах талаар үүсэх харилцаа.

Экологийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээ нь тодорхой субъектээс байгалийн объекттой харьцах явдалыг тохируулж, түүнд эрх олгох, үүрэг буй болгох, зөвшөөрөх, хориглох, хэмжээ хязгаар тогтоох, зохисгүй үйл ажиллагааг зөрчил гэж үзэж, хариуцлагын тогтолцоог бий болгоход  чиглэгдсэн агуулгатай байна.

Экологийн эрх зүйн объект нь энэ эрх зүйн туулгуур асуудал юм. Экологийн эрх зүйн зохицуулах зүйл  объект гэсэн хоёр ойлголтыг ялгаж үзэх нь зүйтэй.

1-  рх нь Экологийн эрх зүйгээр зохицуулж буй байгаль орчин, түүний нөөц баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдон үүсэх доторхой төрлийн харилцаа юм. 

2-  рх нь энэхүү харилцаа чиглэгдэж буй байгаль орчин, байгалийн нөөц баялаг болно. Өөрөөр хэлбэл нэг дэх нь хууль зүйн шинжтэй, хоёр дах нь материаллаг шинжтэй ойлголт юм.

Хүрээлэн буй байгалийн болон нийгмийн орчинтой харилцан үйлчилж, тэдгээрт экологи, эдийн засаг, соёл, эрүүл мэндийн чиг үүрэг биелүүлж буй экологийн бүрэн цогцолборыг байгалийн объект гэнэ. Байгалийн объектын бүрэлдэхүүнд орж түүнд байдаг зүйлүүдийн хүнд хэрэгтэй ямар нэг ашигтай чанар нь байгалийн нөөц болно. Байгалийн нөөц нь цогц байдлаараа байгалийн баялаг болно.

Экологийн эрх зүйн объектийг тодорхой шинжүүдээр ангилан үзэж болно.

Байгалийн нөөцийн төрлүүдээр нь газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, ус, ургамал, агаар зэрэг объект:

Эрх зүйн агуулгаар нь ашиглах, нөхөн сэргээх, аривжуулах, хадгалах, хамгаалах объект:

Эдийн засгийн зориулалтаар нь үйлдвэрлэл, ахуй, соёл, эрүүл мэнд, гоо зүйн ач холбогдол бүхий объект:

Нөөцийн байдлаар нь нөхөн сэргээгдэх, нөхөн сэргээгдэшгүй, шавхагдах, шавхагдашгүй,

Эрх зүйн зохицуулалтаар нь хуулиар хамгаалагдах, эрх зүйн бусад актаар хамгаалагдах: Шинж чанараар нь хөдлөх, үл хөдлөх, байрлалаар нь гадаргуугийн, газрын доорхи, ой, усны, агаарын:

Эрх зүйн дэглэмээр нь ашиглагдаагүй, ашиглалтанд байгаа, ирээдүйд ашиглах, ашиглахыг зөвшөөрсөн, хориглосон, онцгой, тусгай, ердийн хамгаалалттай гэх зэргээр ангилж болно

Экологийн эрх зүйн харилцааны ерөнхий объект нь байгаль орчин бүхэлдээ: төрлийн объект нь газар, газрын хэвлий, түүний баялаг, ой ус, ургамал, амьтан, агаар: шууд объект нь эдгээрийн бүтэц хэсэг, төрөл зүйлүүд

Экологийн эрх зүйн харилцааны субъект нь уг харилцаа чиглэгдэж буй байгаль орчин, Байгалийн нөөц баялаг болдог бол уг экологийн эрх зүйн харилцааны субъект нь түүнд оролцогчид болно. Төр, иргэн, байгууллагуудын экологийн эрх зүйн харилцаанд оролцох субъектын эрхийн чадвар, чадамж нь тэдгээрийн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ерөнхий үүрэг зорилттой холбоотойгоор нийтлэг шинжтэй байхаас гадна тухайн субъектын эрх зүйн статус, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны онцлогоос хамаарч өвөрмөц байдлаар илэрнэ.

Төр нь экологийн эрх зүйн харилцаанд онцгой байр суурь эзэлж, эрх зүйн өвөрмөц статустай байдаг. Энэ нь байгалийн нөөц баялгийг өмчлөх эрхтэй байдгаар тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл байгалийн бараг бүх нөөц баялаг ганцхан субъектийн өмчлөлд бүрэн хэмжээгээр хамаарагддаг бөгөөд тэр нь төр юм. 

Иргэд экологийн эрх зүйн харилцаанд оролцохдоо төрөөс тогтоосон тодорхой эрх эдэлж, үүрэг биелүүлээд зогсохгүй төрийн экологийн бодлогыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ. Хуулиар тодорхойлсон иргэний экологийн эрх нь хүний экологийн заяамал эрхээс үндэстэй юм.

Байгууллагууд экологийн эрх зүйн харилцаанд оролцох тэдгээрийн зорилго чиглэл, үүрэг зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай салшгүй холбоотой.

Төрийн байгууллагууд: төрийн экологийн чиг үүргийг биелүүлэх , эрх мэдлийг хэрэгжүүлэх

Улс төр, олон нийтийн байгууллагууд: Байгалийн нөөц баялийг өмчлөхгүй, харин эзэмших, хамгаалах эрх үүрэгтэй.

Аж ахуйн нэгж байгууллагууд: Аж ахуйн нэгж байгууллагууд нь байгалийн нөөцийг зөвхөн оршин тогтнох дэвсгэр газар болгоод зогсохгүй, түүнийг эрж хайх, олборлох, ашиглах, бүтээгдэхүүн болгож борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулдгаараа бусад субъектээс онцлогтой

Гадаадын байгууллага, иргэд, харъяалалгүй хүмүүс: Экологийн эрх зүйн харилцаанд субъектийн эрх эдэлж, үүрэг биелүүлж оролцож болохыг хууль тогтоомжоор зөвшөөрсөн байна.

Экологийн эрх зүйн харилцаа үүсэх, дуусгавар болох

Экологийн эрх зүйн харилцаа тодорхой зорилго, зорилт, агуулгатай, үүсэх, дуусгавар болох үндэслэлтэй байна. Экологийн эрх зүйн харилцаа нь субъектээс объекттой харьцах явцад байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг эзэмших, ашиглах талаар зохих субъектийн хооронд үүсэн бий болно. Экологийн эрх зүйн харилцааны объектийн төлөв байдал, хэмжээ чанар болон субъектийн эрхийн чадвар, чадамж, үйл ажиллагааны зорилго, чиглэл, хуулиар буюу гэрээгээр тогтоосон журам, нөхцөл өөрчлөгдөх, эсхүл харилцаанд оролцогчдын хүсэл зоригоос үл хамаарах бодит шалтгаан үүсэн бий болох зэрэгт уг харилцаа өөрчлөгдөх буюу дуусгавар болж болно. Тухайлбал дампуурах, татан буугдах, гэрээний нөхцөл өөрчлөгдөх, хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учируулах зэрэг үндэслэл байж болно. Үндэслэлийн шинж чанар, онцлог, шалтгааны байдлаас хамаарч экологийн эрх зүйн харилцаа түр буюу бүрмөсөн зогсоогдоно.

Лекц3: Төрийн экологийн удирдлага

Төрийн удирдлага бол нийгмийг бүхэлд нь зохион багуулахад чиглэгдсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа бөгөөд түүний нэг чухал тал, бүрэлдэхүүн хэсэг нь экологийн удирдлага юм. Төрийн экологийн удирдлага бол нэг талаар байгалийн өөрийн нь зохицуулалттай нягт холбоотойгоор, түүний мөн чанарыг танин мэдсэний үндсэн дээр хэрэгжих үйл явц, нөгөө талаар нийгмийн зохион байгуулалт, чиглэл зорилго бүхий ухамсартай үйл ажиллагаа болно. Төрийн экологийн удирдлага гэдэг нь байгаль нийгмийн харилцан үйлчлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх байдлаар нийгэм, төр, байгууллага, иргэдийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлон тогтоож, зохион байгуулах, зохицуулан тохируулах, хянан шалгах зэрэг үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагуудаас хэрэгжүүлэх үйл явц юм.

Төрийн экологийн удирдлагын мөн чанар нь байгалийн зүй тогтлын онцлогыг харгалзан,

1.         экологийн үндэс байгаль орчин тэнцвэртэй байх.

2.         нийгмийн үндэс хүн байгаль харилцан холбоотой байх,

3.         эдийн засгийн үндэс байгалийн нөөц баялгийг төрөөс үнэлэх, өмчлөх,

4.         төрийн үндэс байгалийн нөөц баялгийг тус улсын тусгаар тогтносон бүрэн эрхэд хамаарах, хамгаалах

5.         хууль зүйн үндэс Монгол улсын Үндсэн хууль бусад хуулиар байгаль орчныг хамгаалах зорилтыг бататган  бэхжүүлсэн байна. Төрийн экологийн удирдлага нь нийгэм, төрийн байгуулал, эдийн засгийн харилцаа, эрх  зүйн тогтолцоо, иргэдийн ухамсар, экологийн соёл зэрэг  объектив, субъектив хүчин зүйлээс шалтгаална.

Төрийн экологийн удирдлагыг хэрэгжүүлэхэд нийтлэг ба тусгай

зарчмуудыг баримтална

          Нийтлэг зарчим нь

Ө   Энэрэнгүй ёсыг хэрэгжүүлэх

Ө   Шударга ёсыг хангах

Ө   Ардчилалыг хөгжүүлэх

Ө   Хууль ёсыг бэхжүүлэх

Ө   Тэгш эрхийг бататгах

Ө   Хүний эрхийг хэрэгжүүлэх

Ө   Улс төр, эдийн засгийн удирдлага, нэгтэй байх

Ө   Нутаг дэвсгэрийн ба салбарын удирдлагыг хослох

Ө   Нийгмийн ба хувийн сонирхлыг хангах

Ө   Үндэсний хийгээд эх оронч шинжийг хослох

          Тусгай зарчим нь

Ө   Байгалийн тэнцвэрт байдлыг хангах

Ө   Хүрээлэн буй орчныг бохирдох, түүний нөөц хомсдохоос хамгаалах

Ө   Байгаль орчиныг бүхэлд нь хамгаалах

Ө   Байгалийн объект, төрөл зүйлийг хэсэгчлэн хамгаалах

Ө   Байгаль орчныг хамгаалах нь улс нийгмийг хамарсан тогтолцоот арга хэмжээ болгох

Ө   Байгалийн нөөц баялгийг тодорхой зориулалттай ашиглах

Ө   Байгалийн нөөц баялгийг хугцаатай, төлбөртэй ашиглах

Ө   Байгалийн нөөц баялгийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглах

Ө   Төрийн удирдлагад иргэд, олон нийтийг идвэхтэй орлцуулах

Ө   Байгаль орчинг хойч үеийнхэнд улам сайжруулсан байдлаар хадгалан үлдээх

Удирдлагын тогтолцоо, бүрэн эрх

Төрөөс байгаль орчныг хамгалах салбар дахь экологийн удирдлагаа өөрийн эрх бүхий байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлнэ. Тэдгээр байгууллагууд нь төрийн экологийн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ. Экологийн удирдлагыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын тогтолцоог Монгол улсын Үндсэн хууль болон төрийн байгууллагын харилцааг тусгайлан зохицуулсан бусад хуулиудаар зохицуулна.

 

Лекц 4 : Экологийн процесс, экологийн хяналт

Аливаа хэрэг маргааныг гол төлөв захиргаа, эрүү иргэний журмаар хянан шийдвэрлэж ирсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон хэрэг маргааныг мөн энэ журмаар хянан шиидвэрлэж байна. Экологийн холбогдолтой хэрэг маргааныг шийдвэрлэхэд дээрх тогтсон ерөнхий журамыг баримтлах боловч экологийн процессын онцлогийг харгалзан үзэх шаардлагатай.

Экологийн процессыг байгалийн тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбогдсон үйл ажиллагааг эрхлэн явуулах талаар тогтоосон журамыг бүхэлд нь хэрэгжүүлэх үйл явц гэж ойлгож болно. Экологийн зөрчилтэй хэрэг маргааныг шийдвэрлэхдээ захиргаа, эрүү иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг баримтална.

Төрийн удирдлагын нэг хэсэг нь экологийн процессын асуудлыг хамаарахаас гадна түүний бүрэлдэхүүнд экологийн хяналт чухал байр эзэлнэ. Төрийн  хяналт түүний дотор экологийн хяналтын эрх зүйн зарчим журмыг Үндсэн хууль, бусад төрөлжсөн хууль, эрх зүйн актуудад тодорхойлон заасан байдаг. Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. Экологийн хяналтыг эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч, байгаль хамгаалагчид хэрэгжүүлнэ. Эдгээр нь батлагдсан дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна. 

Байгаль орчны салбар дахь хянал

-Байгаль орчны төлөв байдал

-Урьдчилсан

-Хууль тогтоомжоор иргэн аж ахуйн нэгж      байгууллагын хүлээсэн үүргийн биелэлт    

-Явцын

-Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлт         

-Гүйцэтгэлийн

-Төрийн экологийн хяналт                 

-Ажиглалт хийж мэдээлэл цуглуулах, дүгнэлт гаргах

-Төрийн бус  байгууллагын хяналт      

-Иргэн хуулийн этгээдээс  экологийн хууль тогтоомж болон байгаль орчныг хамгаалах үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдлыг шалгах

-Экологийн магадлан шинжилгээ      

-Экологийн эрх зүйн зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох

-Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйл ажиллагааг хязгаарлах, хориглох, үйл ажиллагааг явуулах  эрхийг түдгэлзүүлэх

-Байгалийн эх  үүсвэрийг ашиглан үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн   дотоод хяналт                                                  

-Захиргааны шийтгэл ногдуулах, албадлага хэрэглэх /торгох, хууль бусаар олсон эд зүйл болон зөрчил гаргахдаа ашигласан зэвсэг  хэрэгслийг  нь хураах/

 

 

 

Лекц 5: Экологийн эрх  зүйн  зөрчил,  хууль зүйн хариуцлага

Экологийн зөрчил ба экологийн эрх зүйн зөрчил

Байгаль, түүний нөөц баялаг өөр хоорондоо салшгүй нэгдэлтэй боловч бас зөрчилтэй байдаг. Ийнхүү хүрээлэн буй орчинд байгалийн үзэгдлийн нөлөөгөөр үүсэн бий болсон гажуудал нь экологийн зөрчил болно. Жиш нь: газар хөдлөлтөөр ангал цав үүсэх

Экологийн харилцааг хууль зүйгээр зохицуулан түүнийг ямар нэг субъект өөрийн гэм буруутай санаатай болон болгоомжгүй, үйлдэл буюу эс үйлдлээр гажуудуулах нь экологийн эрх зүйн зөрчил болно. Экологийн зөрчлийн үр дагаврыг нийтийн хүчээр төр засгийн арга хэмжээгээр арилгадаг бол экологийн эрх зүйн зөрчлийн хор уршгийг гэм буруутай этгээд өөрийн хөдөлмөр, мөнгөн орлого, эд хөрөнгөөрөө хариуцан арилгадаг онцлогтой.

Экологийн эрх зүйн зөрчил нь:

1.         Газрын эрх зүйн харилцаанд:

2.         Газрын хэвлийн эрх зүйн харилцаанд:

3.         Ашигт малтмалын эрх зүйн харилцаанд:

4.         Ойн эрх зүйн харилцаанд:

5.         Усны эрх зүйн харилцаанд:

6.         Ургамлын эрх зүйн харилцаанд:

7.         Ан агнуур амьтны аймгийг хамгаалах эрх зүйн харилцаанд:

8.         Агаарын эрх зүйн харилцаанд:

9.         Тусгай ахмгаалалттай газар нутгийн эрх зүйн харилцаанд:

10.      Химийн хорт бодисоос хамгаалах  эрх зүйн харилцаанд:

Экологийн харилцаанд илэрч буй эрх зүйн зөрчлийг захиргааны, эрүүгийн, иргэний, сахилгын гэж ангилна.

Сахилгын хариуцлага

Сахилгын зөрчил нь 2 хуваагдана. Yүнд:

a.         Хөдөлмөрийн хуульд заасан зөрчил

b.         Байгууллагын дотоод журамд заасан зөрчлүүд /жишээ нь: ажлаас хожигдох ажил таслах, ажлын байранд архидах гэх мэт/

Захиргааны хариуцлага

Эрх зүй зөрчсөн тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтнаас захиргааны шийтгэл хэрэглсэнээр захиргааны хариуцлага илэрдэг.

Захиргааны эрх зүй зөрчсөний учир хуульд заасны дагуу захиргааны шийтгэл хэргэлдэг. Эрх зүйн зөрчил нь:

Ө   Нийгэмийн эсрэг чигэлсэн

Ө   Эрх зүй зөрчсөн

Ө   Гэм буруутай  

Ө   Шийтгэл заавал хүлээх үйлдэлтэй байна.

Захиргааны хариуцлага хүлээх субьект нь:

Зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн Монгол улсын иргэн

Гадаадын иргэн

Харьяалалгүй хүн

Албан тушаалтан байна.

     Захигааны хариуцлагыг хүлээлгэх бүрэн эрхийг эдлэх албан тушаалтанд: шүүгч,  сум дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан хамаарагдана.

     Захиргааны хариуцлагад татах хугацаа нь хуульд 3 сар гэж байдаг.     

Эрүүгийн хариуцлага

Монгол улс дахь гэмт явдлын ерөнхий бүтцэд эрүүгийн хуульд тодорхойлсон байгаль орчин, түүний баялгийг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг тодорхой байр эзэлнэ. Энэхүү гэмт хэргийн онцлог нь экологийн халдлагаар тодорхойлогдож, байгаль орчинд хор хохирол учируулах байдлаар илэрнэ. Экологийн халдлагын үр дагвар нь байгаль орчин, түүгээр дамжин хүний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахд сөрөг нөлөө үзүүлдгээрээ нийгэмд аюултай шинжийг агуулсан байдаг. Иймд уг гэмт хэрэгт хууль зүйн хариуцлагын нэн хүнд хэлбэр болох эрүүгийн хариуцлага хүлээлгэх үр дагвар бий болно.  Гэмт хэргийг дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд :

          -недрийг ашиглах, алт, бусад үнэт металл, үнэт чулууг улсад тушаах журам зөрчих

          -газар эдэлбэрийн хууль тогтоомж зөрчих

          -байгалийн объектийг санаатай устгах, гэмтээх, эвдэх

          -ус ашиглах, хамгаалах  журам зөрчих

          -ой хээрийн түймэр санаатай тавих

          -ой хээрийн түймэр болгоомжгүй тавих

          -ой модыг хууль бусаар огтлох

          -хууль бусаар ан агнах

          -хийн мандлын агаарыг бохирдуулах

          -ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх журам зөрчих

          Санкц нь гэмт хэргийн шинж чанар үйлдсэн байдал, учируулсан хор хохирлын хэмжээ зэргээс хамаарч торгох, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, хорих зэрэг ял оногдуулахаар заасан байна.

Иргэний эрх зүйн хариуцлага

Байгалийн нөөц баялгийг ашиглах, хамгаалах журам зөрчсөнөөр учирах хохирол нь экологи, эдийн засгийн шинжтэй байна. Экологийн хохирлын онцлог нь байгалийн нөөцийн алдагдал ихэнх тохиолдолд эргэж буцашгүй анхны байдлаараа нөхөн сэргээгдэшгүй чанартай байдаг тул хүрээлэн буй орчин, улс нийгэмд ихээхэн хор уршигтай байна. Байгаль орчныг иргэний эрх зүйгээр хамгаалах нь байгалийн нөөцийг төрийн болон иргэний өмчлөлийн зүйлс гэж үзэж субъкетийн өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг бататгах, түүнийг бусдын хууль бус үйлдлээс хамгаалах, зөрчлийг арилгах үүргийг буруутай талд оногдуулах зэрэг арга хэрэгслээр хэрэгжинэ. Экологийн гэмт халдлагын улмаас байгаль орчинд учируулсан хохирлыг нэхэмжлэл гаргах замаар иргэний эрх зүйн процессын журмаар шийдвэрлэнэ. Шүүхийн журмаас гадна хоёр талын хэлэлцээрээр зөрөлдөөнийг шийдвэрлэх явдлыг дэмжиж байна.

Лекц 6: Байгалийн нөөцийн төлбөрийн эрх зүй

Төр, нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, хүн амынхаа аж амьдралыг сайжруулах, бусад улс гүрэнтэй харьцах бэл бэнчинтэй байхын тулд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас татвар авах нь түүний оршин тогтнохын нэг чухал үндэс юм. Татвар нь төрийн үүссэн цагаас эхлэн бий болж, нүүдэлчдийн болон суурьшмал иргэдийн аж төрөх ёсны онцлогтой холбоотойгоор түүний янз бүрийн хэлбэр,төрөлтэйгээр тодорхой хугцааг баримтлан төрийн албаны эрх бүхий хүмүүсээр тусгайлан гүйцэтгүүлж иржээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтооно.

Эрх зүйн зохицуулалт: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Татварын Ерөнхий хууль, байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд, Төсвийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтооомжийн бусад актаас бүрдэнэ.

Төлбөр, хураамжийн үндсэн төрлүүд:

Ш  Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр.

Ш  Байгалийн ургамал ашигласны төлбөр.

Ш  Газар, газрын хэвлий ашигласны төлбөр.

Ш  Ус, рашаан ашигласны төлбөр.

Ш  Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах,барих зөвшөөрлийн хураамж

 

Лекц 7:  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

Байгаль орчинд хүний хүний болон аж ахуйн  үйл ажиллагаагаар нөлөө үзүүлэх явдал ихэссэнтэй холбоотойгоор үнэлгээ өгөх нь хурцаар тавигдаж байна. Иймд эрх зүйгээр зохицуулах шаардлагатай болсон. Уг хуулиар байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, төслийг хэрэгжүүлэх, эсэх талаар шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн  өмнө хийгдсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг  хуулийн  дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв эсэхэд хянан магадлагаа хийнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Ерөнхий үнэлгээ хийх үе шат

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ    

 

Лекц 8: Газар, газрын хэвлийн эрх зүй

Байгалийн тулгуур шинжтэй, хамгийн гол объектийн нэг нь газар юм. Газар нь улсын нутаг дэвсгэрийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг, төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа юм. Өөрөөр хэлбэл аливаа баялгийн анхны эх булаг юм. Газар бол экологийн талаас гурван гол утгыг илэрхийлнэ.

1.         Гариг ертөнц, ертөнцийн газрын бүрхүүл, гадаргуу

2.         Бүхийл нутаг дэвсгэр

3.         Ертөнцийн гадарга хөрс

          Газар эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбогдсон үндсэн харилцааг Газрын тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ нь экологийн эрх зүйн шууд хамааралтай юм. Газрын эрх зүй гэдэг ойлгот хоёр талтай. 1/ салбар эрх зүй  2/ экологийн эрх зүйн институт гэсэн утгыг хадгална.

          Монгол улсын хилийн доторхи бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сан байна.

          газрын нэгдмэл сангийн аль ч ангилалын газраас тусгай хэрэгцээнд авч болно.

эзэмшил, ашиглал хамгаалал

"газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;                                             

"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;                                

"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг  ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;   

          Газар эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбогдон үүсэх маргааныг тухайн Засаг дарга, зохих мэрэгжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан болон шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ.

Сэдэв : Газрын хэвлийн эрх зүй

Газрын гүний үргэлжилсэн орон зайг газрын хэвлий гэнэ. Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ. Газрын хэвлий ашиглалтын зориулалт олон янз байх бөгөөд тэр нь нийгмийн үйлдвэрлэл үйл ажиллагаа, хүний амьдрал ахуйд зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг агуулж байдагтай хөлбоотой. Үүгээр газрын хэвлийн эдийн засгийн ач холбогдол тодорхойлогдоно.

Газрын хэвлийг экологийн судалгаа хийх, ашигт малтмалын орд газар, эрчим хүчний нөөцийг ашиглах, газар доор барилга байгууламж барих, бохир ус зайлуулах, үйлдвэрийн хаягдал, нефть хий, бусад бүтээгдэхүүнийг хадгалах, цацраг идэвхт ба хортой бодисыг булах, дулааны нөөцийг хэрэглэх, шугам шүлжээ байгуулах зэрэг төрөл бүрийн зориулалтаар ашиглана.

Эрх зүйн зохицуулалт: Газрын хэвлийн тухай ойлгот эрт дээр үеэс байсан болов ч нэр томъёоны хувьд  нэлээд хожуу хууль тогтоомжид хэрэглэгдэх болсон. 1924,1940, 1960 оны Үндсэн хуульд “ бүх газар, түүний хөрсөн дорхи баялаг” гэсэн нэр томъёо орсон нь зөвхөн газар төдийгүй хэвлийн тухай ойлголт гэж үздэг.

БНМАУ-ын АИХТ-ийн зарлигаар 1988 онд БНМАУ-ын газрын хэвлийн хууль батлагдсан. 1994, 1995 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хууль нь 11 бүүлэг 60 зүйлтэй.

Ашиглалт, хамгаалалт

Газрын хэвлий ганцхан субъектийн өмчлөлд байх бөгөөд тэр нь төр байна. Газрын хэвлий бүхэлдээ ямар субъектийн эзэмшил, ашиглалтад байгаагаас үл хамааран улсын нэгдмэл санг бүрдүүлэн, захиран зарцуулах, эзэмших, ашиглах журмыг төрийн эрх бүхий байгууллагаас тогтооно.

Газрын хэвлийг ашиглах эрх зүйн субъект нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, байх бөгөөд гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харъяалалгүй хүнд хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно. Газрын хэвлийг ашиглах зориулалт нь:

1.         геологийн судалгаа хийх;

2.         ашигт малтмал олборлох;

3.         ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах;

4.         аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах.

Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно:              

    1/ газрын хэвлийг цаашид ашиглах шаардлагагүй болсон;

    2/ газрын хэвлийг ашиглахаар тогтоосон хугацаа дууссан;

    З/ төрийн буюу олон нийтийн бусад хэрэгцээнд зориулан газрын хэвлийг буцаан авах зайлшгүй шаардлага гарсан;

    4/ газрын хэвлийг ашиглаж байсан аж ахуйн нэгж, байгууллагыг татан буулгасан;             

    5/ хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон.

    6/ иргэн нас барах

    7/ газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;

    8/ хуультогтоомжийн шаардлага биелүүлэхгүй, бусад хэлбэрээр зөрчих зэрэг болно.

Газрын хэвлийг ашиглах эрх дуусгавар болох үндэслэл нь:

Ө   Аяндаа

·                Газрын хэвлийг цаашид ашиглах шаардлагагүй болсон

·                Газрын хэвлийг ашиглахаар тогтоосон хугцаа дууссан

·                Төрийн болон олон нийтийн бусад хэрэгцээг үндэслэн газрын хэвлийг буцааж авах зайлшгүй шаардлага гарсан

·                Газрын хэвлийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж татан буугдсан

·                Хүний эрүүл мэндэд аюултай байдал бий болсон

Ө   Захиргааны журмаар

·                Газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй

·                Газрын хэвлийг зориулалт бусаар ашигласан

·                Хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн

·                Хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй

·                Хуульд заасан бусад үндэслэл

Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.

 

Лекц 9: Ашигт малтмалын эрх зүй

"ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг хэлнэ.

          Ашигт малтмалыг лицензийн үндсэн дээр ашиглана.

Ашигт малтмалыг эдийн засгийн ач холбогдолыг нь харгалзан түүнийг хайх, олборлох, эрх зүйн дэглэмийг ялгамжтай тогтоохын тулд:

          1/ стратегийн ашигт малтмал

          2/ тусгай ашигт малтмал

          3/ ердийн ашигт малтмал

Ашигт малтмал нь инженерийн байгууламж, байрлал нөөц, чанар, зориулалт, ашиглалт, хамгаалалт зэргээрээ янз бүр харилцан адилгүй байна.

Эрх зүйн зохицуулалт

Ашигт малтмалыг ашиглах, хамгаалах асуудал Монгол улсын үндсэн хууль, төрөлжсөн хууль, эрх зүйн бусад актаар зохицуулагдана.

Анхдугаар Үндсэн хуулиас эхлэн одоогын хуулийн хүчин төгөлдөр байгаа Үндсэн хууль хүртэл бүхийл хуулинд газрын тухай ашигт малтмалын тухай тодорхой тусгасан байдаг.

 Ашигт малтмалын тухай хууль нь Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна. Уг хууль нь 11 бүлэг, 66 зүйлтэй  

Хайх, ашиглах журам

"ашигт малтмал хайх" гэж ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тодорхойлох, байршил, тоо хэмжээг нь тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд үйл ажиллагаа явуулах, түүнчлэн ашигт малтмалыг ашиглах боломжийг судалж, техник эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ. Эдгээрт суваг шуудуу татах, ил ба далд малталт нэвтрэх, өрөмдөх, сорьц авах, шинжлэх, үйлдвэрлэлийн туршилт, геофизикийн судалгаа хийх, зайнаас тандах зэрэг үйл ажиллагааг хамруулна;

"ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон үүнтэй холбогдсон бусад бүхий л үйл ажиллагааг хамтад нь;

 

Лекц 10: Ой, Байгалийн ургамлын эрх зүй

Монгол Улсын ойн сан бүхий газар 19,0 сая га үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байгаа учраас манай улс дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу орны тоонд хамаарагддаг.

Ой бол байгаль орчины салшгүй хэсэг, мод, бутлаг ургамлын бүрдэл, экологийн цогцолбор мөн. Ойн санг экологи-эдийн засгийн ач холбогдлоор нь дараахь байдлаар ангилна:

            1/ онцгой бүсийн ой;

            2/ хамгаалалтын бүсийн ой;

            3/ ашиглалтын бүсийн ой.

Онцгой бүсийн ойд цармын бүслүүрийн ой, дархан цаазтай газрын онгон бүс, хамгаалалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн ой хамаарна.

Хамгаалалтын бүсийн ойд тусгай хамгаалалттай газрын ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрд, 1ОО га хүртэлх хэмжээний төгөл  мод, зураа, сөөг, ширэнгэ, уулын өвөр энгэрийн төгөл ой, ЗО хэмээс дээш налуу газрын ой хамаарна.

Ашиглалтын бүсийн ойд дээрх хоёр төрлийн бүсэд ороогүй бусад ой хамаарах бөгөөд Төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзолын дагуу зохих төлбөр, хугацаатайгаар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглалтын бүсийн ойд хэрэглээний мод, түлээ бэлтгэн ашиглаж болно.

Эрх зүйн зохицуулалт

Монголын төр эрт үеэс байгаль орчиноо дээдлэн, ой модыг эрхэмлэн үзэж хууль зүйгээр зохицуулж байсан нь Их засаг, Халх журам зэрэг эртний алдартай хуулиудаас тодорхой харагддаг. Мөн Үндсэн хуулиудад төрийн өмч ,ард нийтийн хөрөнгө гэж зааж ирсэн байдаг. Улсын анхдугаар Их хурлаас “Ой модны тухай” тогтоол гаргаж 1940 оны дунд үе хүртэл 5 удаа шинэчлэгджээ.

1957, 1974 оны Ойн хууль,

1995, 2007 онд Ойн тухай хууль батлагдсан байна. Ойн шинэ хуулийн онцлог нь ойн санг шинээр бүсчлэн ангилж, бүс тус бүрийн дэглэмийг ялгавартай тогтоон, зохицуулалтыг тодорхой болгон, хариуцлагыг чангатгасанд оршино.

Ойн баялаг ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулана. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай  хууль /1995 он/

Хамгаалалт, ашиглалт

Ойг хамгаалах нь ойг гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хэвийн өсөлт, нөхөн  сэргэлтийг  хангах, удмын санг хамгаалах ажил багтана.

Ойг ашиглах нь бэлтгэж ашиглах модны хэмжээ, төрөл, хугцаа, авах газар, зориулалт төлбөр зэргийг төрийн захиргааны эрх бүхий байгууллага, зохих албан тушаалтан тогтоож зөвшөөрөл эрхийн бичиг олгох, гэрээ байгуулах, энэ үндсэн дээр ойгоос аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар мод, түлээ бэлтгэх, дагалт баялаг ашиглах зэрэг үйл ажиллагааг хамаран хэрэгжинэ.

Ой ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

1.         Ойн тухай хууль тогтоомжийг биелүүлэх;

2.         Гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу ойн мод, ойн дагалт баялгийг ашиглах;

3.         Ойн нөөц ашигласны төлбөрийг эрхийн бичиг авахын өмнө төлсөн байх;

4.         Гэрээ, эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэх;

5.         Мод бэлтгэсэн талбайг тогтоосон журмын дагуу цэвэрлэж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх;

6.         Модыг огтолж бэлтгэхдээ түүний бүдүүний гуравны нэгийн хэмжээнээс өндөргүй хожуул үлдээх.

7.         Зохих журмын дагуу бэлтгэсэн гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургаагийг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ авна.      

 

 

 

Сэдэв : Байгалийн ургамлын эрх зүй

Ургамал гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод бүх төрлийн дээд доод ургамал хамаарна.

Ургамал нь байгалийн ургац, үр шим, гоо үзэсгэлэн болж дэлхий ертөнцийг бүрхэн чимж байдаг өвөрмөц баялаг юм. Тус улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс урамлын сан бүрдэнэ. Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараахь байдлаар ангилна

Ургамлыг газар зүйн байрлалаар нь газрын,усны, хангайн, ойт хээрийн, тал хээрийн, говийн:

гарал үүслээр нь байгалийн, таримал:

нөөц тархацын байдлаар нь нэн ховор,ховор, элбэг:

зориулалтаар нь ахуйн, хүнсний, эмийн, үйлдвэрлэлийн, техникийн, бэлчээрийн, хадлангийн, тэжээлийн, эмчилгээ сувиллын, тусгай хамгаалалттай газрын, хот суурины, ногоон бүсийн, хориотой зурвасын:

субъектийн байдлаар нь төрийн өмчийн, хувийн өмчийн, холимог хэлбэртэй өмчийн

Эрх зүйн зохицуулалт: Монголчууд дээр үеэс ургамал хамгаалах, түүж ашиглах нарийн дэг журамтай байсан байна. Уг эрх зүй нь ой болон таримал ургамлаас бусад ургамалыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулана. Үндсэн хуулиудад байгалийн үндсэн объектуудыг улсын өмч, ард түмний хөрөнгө гэж хуульчлан заасан нь ургамал ашиглалт, хамгааллын эрх зүйн үндэс болж байна.

1995 оны Байгалийн ургамлын тухай,

1996 оны Урамал хамгааллын тухай,

1996 оны Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиуд батлагдсан нь ургамал хамгаалалд ач холбогдолтой болсон байна.

Хамгаалалт, ашиглалт Тус улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс урамлын сан бүрдэнэ. Ургамлыг хамгаалах нь гал түймэр, өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөллөөс сэргийлэх бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлэх явдлыг багтаасан байдаг.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.

       Байгалийн ургамал ашиглах зориулалт, зөвшөөрөл олгох субъект

 

         

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
туяа (зочин)

thgnk you

бүрэнчөдөр (зочин)

багшаа гоё шүү. Маш ойлгомжтой байна.Баярлалаа

Сарангоо (зочин)

эко эдийн засагийн бусад салбар эрх зүй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)